Гель, ваксны бохирдлыг үснээсээ бүрэн арилгахгүй бол хуйх бохирдоно, үс халцарна
Үсээ хэрхэн зөв арчлах талаар “Matrix” салоны мастер үсчин Г.Болортуяатай ярилцлаа.
Тэжээлийн тос, маскны ялгаа нь:
Маскыг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй. Үсний маскийг сүүлийн үед охид, бүсгүйчүүд түлхүү сонгох болсон. Маскнуудын ихэнх хувь нь ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.
Тэжээлийн тос:
Үүнийг угаасан үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж болно. Гэхдээ тэжээлийн тосон дахь тосны агууламж өндөр учир төгсгөлд нь заавал шампуниар угааж тосыг арилгана. Бүлээн ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг сааруулдаг.
-Жишээлбэл, гэрийн нөхцөл байдалд хэрхэн үсээ зөв арчлах хэрэгтэй вэ?
-Үсээ арчлах нь зөв угаалтаас шууд л эхлэх болно. Үүнд:
Алхам 1. Үсээ угаахдаа шампуниа сайтар хөөсрүүлээд үсэндээ жигд түрхэнэ.
- Эхний хөөсрөлтөөр 2-3 минут массаж хийх,
- 2 дахь хөөсрөлтөөр 5 минут массажлаад сайтар угаана,
Алхам 2. Ангижруулагч хэрэглэхдээ үсний үзүүрт түрхээд 2-3 минут байлгасны дараагаар усаар угаана.
Алхам 3. Үсийг хатаахдаа бүлээн сэнсээр юм уу болж өгвөл өөрөөр нь хатаавал илүү сайн.
Анхаарах зүйлс:
- Үсийг алчуураар арчихдаа хэт үрэлгүй зөөлөн дарж арчих.
-Гель, вакс хэрэглэсэн тохиолдолд орой унтахын өмнө заавал шампунь хэрэглэн хуйханд наалдсан бүтээгдэхүүнээ бүрэн арилгах шаардлагатай. Гүйцэд арилгаагүй удсанаас болж хуйх бохирдон, үсний халцралт үүсдэг.
- Үсээ 7 хоногт тогтмол 2-3 удаа угааж байх. Өдөр бүр угаах нь зохимжгүй бөгөөд үсний бүтцэд өөрчлөлт орж ус тосны хэм хэмжээ алдагддаг байна.
-Ер нь гэрийнхээ гоо сайхны хэсэгт үсийг эрүүл байлгах ямар бүтээгдэхүүнүүдийг байлгах хэрэгтэй вэ?
-Зайлшгүй өөрийн гоо сайхны хэсэгт байрлуулах хэрэгтэй хэд хэдэн бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Үүнд, хөвөн даавуун алчуур, массажны сам, серум гэх зэрэг багтана. Хөвөн даавуун алчуур нь маш сайн усыг шингээдэг байх хэрэгтэй. Массажны сам ашиглах нь үсний ширэлдээг хурдан арилгах, мөн хуйханд дарж самналт хийснээр хуйхны цусан хангамж сайжран үс уналт багасгахаас гадна үсний хайрсан давхаргыг гэмтээх нь бага байдаг.
-Хүмүүст үс хагтах, гэмтэх, унах зэрэг асуудал бас байдаг. Үүний шалтгаан нь юу байдаг вэ, эдгээр тохиолдлуудад ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ?
-Хүний үсний мөчлөг нь хэвийн үедээ 2-5 жилд нэг удаа солигддог ба өдөрт 50-100ш үс унах хэвийн гэж үздэг. Үүнээс их байх юм бол гадны болон дотор эрхтний нөлөөнөөс болж байна гэж үзнэ. Үүний шалтгаан нь хүнс тэжээлийн дутагдал, хүний бие дэх протены дутагдал орно. Мөн химийн эмчилгээнд орох, гармоны тэнцвэртэй байдал алдагдах, жирэмсний дараах биеийн өөрчлөлт, жирэмсний хугацаанд үс өтгөрч ургалт хэвийн байх боловч төрсний дараа ойролцоогоор 3-5 сарын дараагаас унаж эхэлдэг бие буцаад төлжөөд ирэхээр хэвийн болдог. Түүнчлэн, үс уналтанд давс харш нөлөөтэй тул багасгах хэрэгтэй. Сэтгэл санааны байдал, таван цул эрхтний өөрчлөлт ч үс уналтад нөлөөлдөг.
Үс хагтах нь хэт их хуурайшил, мөн хэт их тослогжилтоос болсон арьсны гуужилт юм. Долоо хоногтоо юмуу, 14 хоногтоо 1 удаа зөөлөн гуужуулалт хийх, өөрт тохирсон хаг арилгаж загтнал багасгах зориулалтын шампунь ашиглан арилгах хэрэгтэй. Үс гэмтэх нь хайрсан давхарга гэмтсэнг илтгэх бөгөөд ширэлдэн хатуурсан байдаг бүтээгдэхүүний гэмтэл үү буруу арчилгаанаас болсон уу гэдгээс хамааран арчилгаа өөр өөр байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: http://itoim.mn/